Өв залгамжлалын эрх зүйн зохицуулалтын талаар хэлэлцлээ
2018-04-30 10:29:00 | 219Нотариатчийн чиг үүргийг хэрэгжүүлэх явцад тулгарч буйөв залгамжлал, мэдэгдэх хуудасны эрх зүйн зохицуулалтын хууль хэрэглээ, практикийг боловсронгуй болгох арга замын талаар шүүгч, эрдэмтэн судлаач, нотариатчийн төлөөлөл илтгэл тавьж, хэлэлцүүлсэн юм.
Нотариатчидын танхимын Мэдээлэл, судалгааны төвийн ахлагч, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, Хууль зүйн ухааны доктор Д.Янжинхорлоо \"Өв залгамжлалын асуудал” илтгэлдээ өв залгамжлал, гэрээслэл, өвлөх эрхтэй холбоотой харилцааг Иргэний хуульд хэрхэн зохицуулж ирсэн уламжлал, өөрчлөлт, ялгаатай байдлын талаарх асуудлыг хөндөж, 1980-2018 онд хийгдсэн Гэрээслэлийн талаарх судалгааг тоймлов. \"Өвлөх харилцаатай холбоотой иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн тоон тойм” сэдвээр илтгэл тавьсан Шүүхийн судалгаа, мэдээлэл сургалтын хүрээлэнгийн судлаач Л.Галбаатар 2015-2017 оны шүүхийн шийдвэрийн тойм болон Өв залгамжлалын асуудлаар Иргэний хэргийн зарим шүүгчдээс авсан асуулга, түүний үр дүнг танилцуулав.
Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатч Х.Цогзолмаа \"Мэдэгдэх хуудас-эрх зүйн зохицуулалт, анхаарах асуудал” илтгэлдээ Нотариатын мэдэгдэх хуудас, түүний ач холбогдол, үр дагавар, хуулийг нэг мөр ойлгох талаар баримт, харьцуулалт, мэдэгдэх хуудсыг олон улсын түвшинд хэрхэн зохицуулдаг, цаашид анхаарвал зохих асуудлын талаар хөндлөө. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа илтгэлдээ Нотариатын мэдэгдэх хуудсыг шүүхээр шийдвэрлэсэн байдлын тоон судалгаа болон шийдвэрлэх процесс, үйл ажиллагаа, цаашид анхаарвал зохих асуудлуудыг хөндсөн \"Нотариатын мэдэгдэх хуудсыг шүүхээр баталгаажуулж байгаа байдал” сэдэвт илтгэл тавьж, хэлэлцүүлсэн юм.
Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-т заасны дагуу бусад өвлөгч өв хүлээн авах хүсэлтийг 1 жилийн дотор гаргаагүй бол хамт амьдардаггүй өвлөгч өвлөх хүсэлтээс татгалзсан гэж үзэх хуулийн хэм хэмжээний уламжлалт зохицуулалтыг дагах нь зүйтэй эсэх мөн өвлөх эрхийн гэрчилгээ олгосон эсэхийг Монголын Нотариатчидын танхимын өвийн нэгдсэн мэдээллийн санд бүртгэгдсэн хүсэлтийг үндэслэн олгох нь бодит боломж болох, мэдэгдэх хуудас үйлдэх, түүнийг шүүхээр баталгаажуулахад тулгарч буй асуудлын талаар голлон хэлэлцлээ.
Хэлэлцүүлэгт оролцогчид энэ арга хэмжээ нь цаг үеэ олсон, цаашид улам өргөн хүрээнд зохион байгуулах нь шүүн таслах ажиллагаанд эерэг үр дагавар авчрах ач холбогдолтой болохыг онцолж байлаа.
Хэлэлцүүлэгт Иргэний хэргийн шүүхийн шүүгчид, шүүхийн захиргааны ажилтны төлөөлөл, , Монголын Нотариатчидын танхимын удирдлагууд, нотариатчид, Шүүхийн судалгаа мэдээлэл сургалтын хүрээлэн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн төлөөлөл оролцов.
Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн