-1

Олон улсын байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

2018-06-13 15:17:44    |   187

\"\" 

 Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Олон улсын эрх зүйн байгууллагын зөвлөх, удирдлагын багийн гишүүн Клифф Жонссон, Төв Ази, Зүүн Европын хөтөлбөрүүдийн бүсийн менежер Маргарита Милих, Европын сэргээн босголт хөгжлийн банкны Хуулийн ерөнхий зөвлөх, удирдах зөвлөлийн гишүүн Марие-Анне Биркен, Эрх зүйн шилжилтийн багийн дарга Мичел Нуссбаумер нарыг өнөөдөр (2018.06.13) хүлээн авч уулзлаа.


    \"Шүүхийн захиргааны хөгжлийн чиг хандлага: чиг үүрэг ба загвар” сэдэвт онол-практикийн олон улсын бага хуралд оролцохоор ирсэн эдгээр төлөөлөгчдөд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга талархал илэрхийлээд Монгол Улсын шүүхийн захиргааны дээд байгууллага-Шүүхийн ерөнхий зөвлөлийн хөгжил, төлөвшлийн талаар танилцууллаа. Мөн дээрх байгууллагуудтай хамтран хэрэгжүүлсэн төслийн үр дүнг онцолсон юм.

\"\" 

 

   Зочид Шүүхийн ерөнхий зөвлөлийн 25 жилийн ойн мэнд хүргээд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, цаашид олон төсөл, хөтөлбөр дээр хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийллээ. Тухайлбал, Бизнесийн маргааныг эвлэрүүлэн зуучлалын төслийн хоёрдугаар шатыг хэрэгжүүлэхэд Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран ажиллах саналтай байгаагаа Европын сэргээн босголт хөгжлийн банкны төлөөлөгчид хэллээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж \"Та бүхэн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтээ илэрхийлж, бидний саналыг хүлээж байгаад талархаж байна. Хамтарч ажилласан сайн туршлага, итгэлцэл бидэнд байгаа нь чухал” гээд хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд бэлэн гэлээ.

 

 

    Олон улсын эрх зүйн байгууллагын зөвлөх, удирдлагын багийн гишүүн Клифф Жонссон, Төв Ази, Зүүн Европын хөтөлбөрүүдийн бүсийн менежер Маргарита Милих, Европын сэргээн босголт хөгжлийн банкны Хуулийн ерөнхий зөвлөх, удирдах зөвлөлийн гишүүн Марие-Анне Биркен, Эрх зүйн шилжилтийн багийн дарга Мичел Нуссбаумер нар \"Шүүхийн захиргааны хөгжлийн чиг хандлага: чиг үүрэг ба загвар” сэдэвт онол-практикийн олон улсын бага хуралд илтгэл тавих юм.

 

 

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс



 


. . .