Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албаны тайланг хэлэлцэв
2019-01-07 03:15:00 | 219Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдэд Ажлын алба 2018 онд хийсэн ажлын тайлангаа өнгөрсөн баасан гаригт (2019.01.04)-нд танилцууллаа. Тайлангийн хуралд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, гишүүн О.Зандраа, Д.Эрдэнэчулуун, П.Батсайхан болон Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар, ажлын албаны нийт нэгжүүд оролцож өнгөрсөн оны тайлан, 2019 оны төлөвлөгөөгөө хэлэлцэв.
Ажлын алба 2018 онд 103 ажил төлөвлөсний 88.4 хувийг биелүүлээ. Үүнээс стратеги төлөвлөгөөний үнэлгээний тайлан, шинэ бодлогын баримт бичгийн төсөл боловсруулсан, хэргийн хөдөлгөөний удирдлагын төв нээсэн, шүүгчийн ажлын ачааллын судалгаа хийлгэсэн, шүүгчийн сонгон шалгаруулалтын арга, хэлбэр, үнэлэх аргачлалыг шинэчилсэн зэрэг ажлуудыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар онцолж танилцууллаа. Мөн \"Энэ онд ажлын алба шүүхийн хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах, батлуулах, зарим хуулийн төсөл боловсруулах, дүрэм журам шинэчлэх шүүхийн үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлэх зэрэг зорилт тавьж ажиллана” гэв.
Хэлэлцүүлгийн төгсгөлд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, профессор Н.Лүндэндорж саналаа хэллээ. Тэрбээр \"Ажлын алба 2018 оны зорилтоо зохих түвшинд амжилттай хэрэгжүүлсэн байна. Шүүхийн тухай багц хууль, шинэтгэлийг хэрэгжүүлэх ажил урагшилж байгаа. Дотоод, гадаадын судалгааны үр дүн бидний ажил урагшилж байгааг нотолдог. Шүүхийн стратеги төлөвлөгөөний биелэлтийн мониторингийг маш сайн хийсэн нь өнгөрсөн оны том амжилт.
Хэргийн хөдөлгөөний удирдлагыг зөв, ухаалаг хийх нь шүүхийн захиргааны ажлын амин сүнс. Бид өнгөрсөн онд хэргийн хөдөлгөөний удирдлагыг жигдрүүллээ.
Шүүгчийн сонгон шалгаруулалтын журамд дөрөв дэх удаагаа өөрчлөлт орсноор улам бүр сайжирч байна.
Шүүгч бэлтгэдэг сургалтыг эхлүүлсэн нь түүхэн үйл явдал. Мөн шүүхийн үйлчилгээний шинэ стандартыг нэвтрүүлж, хэрэгжүүлж байна.
Монгол Улсын хэмжээнд жилд 2 удаа \"Шүүхэд итгэх иргэдийн итгэл” судалгааг авч олон нийтийн санаа бодлыг судалдаг боллоо. Судалгааны үр дүнд тулгуурлаж бодлогын шийдвэр гаргах нь дараагийн зорилт болж байна” хэмээн 2018 оны ажлыг дүгнэлээ.
2019 онд дараах чиглэлд анхаарч ажиллахыг ажлын албанаас хүслээ. Тодруулбал,
-Өмнөх ололтоо баталгах, бэхжүүлэх, хамгаалах, хөгжүүлэх чиглэлд анхаарлаа төвлөрүүлэх,
-Судалгаа, мэдээлэл дээр тулгуурлаж бодлого, шийдэл гаргах, судалгааны чиглэлээ тодорхойлох
-Архивын талаар бодлогын баримт бичиг боловсруулах,
-Шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын мэргэжил дээшлүүлэх институт байгуулах талаар төлөвлөх,
-Онлайн шүүх хуралдааныг цаашид ямар байдлаар явуулахаа төлөвлөх,
-www.shuuh.mn сайтын үйл ажиллагаанд анхаарах,
-Сургалтын хөтөлбөр, дизайн батлагдсантай холбогдуулан хэрэгжилтэд анхаарах,
-Шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх аргачлалын баримт бичгийн хэрэгжилтийг хангах,
-\"Шүүх эрх мэдэл” сэтгүүлийн чанар, хүртээмжид анхаарах шаардлагатайг онцоллоо.
Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс