-1

Захиргааны хэргийн шүүхийн шүүгчид ярьж байна

2019-12-24 17:58:17    |   241

Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдэд зориулсан \"Хууль тайлбарлан хэрэглэх онол, арга зүй: Захиргааны эрх зүй”, \"Захиргааны ерөнхий хууль, Зөрчлийн тухай хууль болон тэдгээрийн процессын хуулийг хэрэглэхэд анхаарах зарим асуудал” сургалт энэ сарын 12-13-нд Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд болсон.

Уг сургалтад оролцсон шүүгчдийн төлөөлөл ийнхүү ярьсан юм.

 

С.Ганбат: Улсын дээд шүүхтэй хамтран зохион байгуулсан нь онцлог байлаа

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ганбат:

\"\"

Энэ удаагийн сургалтын хувьд өмнөх жилүүдээс илүү ач холбогдолтой, онцлогтой болж байна. Яагаад гэхээр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын Дээд Шүүхтэй хамтран зохион байгуулж бидний хууль хэрэглээнд гардаг алдаа зөрчлийг бодит кейс, шийдвэрлэсэн хэрэг дээр тулгуурлан анхаарах зүйлийн талаар ярьж, зөвлөлдөж байгаа нь их чухал зүйл болж байна. Мөн Улсын Дээд шүүхийн Захиргааны танхимын шүүгч нар, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч хичээл зааж анхан шатанд гарч буй алдаа дутагдал, цаашид анхаарах зүйл, хууль хэрэглээний нэгдсэн ойлголттой болж байгаа нь илүү ач холбогдолтой маш сайхан сургалт болж байна. Цаашид яг ийм хэлбэрээр зохион байгуулах нь илүү үр дүнтэй гэж хэлмээр байна.


                             Б.Сугар: Хуулийн талаар нэгдмэл ойлголттой болох нь чухал

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сугар:

\"\"

Зөрчлийн хууль, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар нэгдсэн ойлголттой болохгүй бол давж заалдах шатны шүүх, хяналтын шатны шүүх дээр хэрэг хүчингүй болж байгаа. Үүнийг Шүүхийн ерөнхий зөвлөл болон сургалтын хүрээлэн соргогоор харж дээд шүүхтэй хамтарч зохион байгуулж байгаа нь цаг үеэ олсон чухал сургалт болж байна.

Улсын Дээд шүүх болон нийслэл дэх захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч нар хичээл заасан нь чухал байлаа. Практик дээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хянадаг хүмүүс нь орж ирээд улсын хэмжээнд гаргаж байгаа алдаа, зөрчил ийм байна, үүнийг давж заалдах шатны шүүх, хяналтын шатны шүүх ингэж шийдвэрлэж байна гэдгийг ярьж хэлэлцэж байгаа нь шүүгч нарт чухал хэрэгцээтэй зүйл болж байна. Зөрчлийн хууль өөрөө агуулгын хувьд задгай байгаа. Үүнийг дээд шатны шүүхүүд хэрхэн тайлбарлаж үзэж байгаа талаар практикт тулгуурлан хичээл орж байгаа учраас маш өгөөжтэй байна. Сургалтын хүрээлэнд тусгайлан талархаж байна. Сургагч багш нарын хувьд Улсын дээд шүүх, Нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч нар орж байгаа нь сургалтын давуу тал болж байна. Яагаад гэхээр Улсын Дээд шүүхийн шүүгч, давж заалдах шатны шүүхийн шүүгч нар өөрөө зовлон жаргалыг нь мэддэг учраас юун дээр илүү алдаа дутагдал гаргаад байгаа талаар хэлж, хууль хэрэглээний нэгдсэн ойлголт өгч, цаашид анхаарах зүйлсийн талаар мэдлэг өгсөн сайхан сургалт болж байна. Сургалтын хүрээлэн сэдвийн санал авч, сургагч багш нартай харилцан судалгаа хийж сайн ажилласан байна. Зохион байгуулалт маш сайн байна. Энэ сургалтаа цаашид бататгаад, онол практикт хослуулж олны анхаарал татсан хэрэг буюу бодит кейс дээр тулгуурлан хичээл орох нь их үр дүнтэй байлаа.

 

А.Сарангэрэл: Хууль хэрэглээний асуудлаа ярилцсан үр дүнтэй сургалт боллоо

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл:

\"\"

Эхний өдрийн сургалт нь захиргааны хууль тогтоомжийн хэрэглээний сургалтыг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Т.Мөнх-Эрдэнэ, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгч Г.Банзрагч нар заасан. Энэ сургалт бол анхан шатны шүүхийн шүүгч нарын хувьд цаг үеэ олсон сургалтаар зааж байгаа зүйлийн агуулга нь өдөр тутам хэрэглэдэг хууль тогтоомжийг хэрхэн хэрэглэх вэ, ямар алдаа дутагдал гаргаж байгааг талаар тодорхой бодит кейс, жишээн дээр тулгуурлаж гаргаж ирж байгаа нь чухал ач холбогдолтой байсан. 2 дахь өдрийн сургалт нь практик шинжтэй анхан шатны шүүхийн шийдвэр захирамжийг хянадаг Улсын Дээд шүүхийн шүүгч нар болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч нар хичээл заалаа.Тодорхой хэмжээнд хуулиас гадна шүүхээр явж байгаа хэргийн практик гэж байдаг. Ижил төстэй хэргүүдийг ямар байдлаар шийдвэрлэх вэ, анхан шатны шүүхүүд дээр гаргаж байгаа алдааг дахиж гаргуулахгүй байх талаас нь зөвлөмж өгсөн шинжтэй тодорхой кейс дээр тулгуурлаж тухай бүр нь зөвлөмж өгсөн чухал сургалт байлаа. Яагаад гэхээр зарим тохиолдолд анхан шатны шүүгч ганцаараа шийдвэрлэдэг захирамж, шийтгэвэр олон байдаг. Бусад шүүгч нарынхаа хэргийн төдийлөн мэдэхгүй. Тэгэхээр дээд шатны шүүх тухайн хэргүүдийг бүхэлд нь улсын хэмжээнд ямар хэргүүд илүү зонхилж байгаа болон уг хэргийг ямар чиг баримжаагаар шийдвэрлэж практик тогтоох вэ гэдэг үндсэн бодлогыг барьж байдаг байгаа. Ижил төстэй хэргүүд ямар байна, ялгаатай нь юу байна хууль хэрэглээний хувьд процессын хувьд анхан шатны шүүхээс гарч байгаа алдаа зөрчил ямар байгаа талаар харилцан ярилцсан зөвлөсөн маш үр дүнтэй сургалт боллоо гэж харж байна.

Үүнээс дүгнэхэд практик дээр дахиж алдаа зөрчил гаргахгүй байх, өдөр тутмын ажилдаа анхаарч ажиллах, хууль хэрэглээ болон процессын асуудал дээр ингэж ажиллах юм байна гэдэг дүр зургийг авлаа. Цаашид анхаарч ажиллана гэсэн сэтгэгдэл төрж байна.

Сургалтын талаар санал гэвэл Захиргааны хэргийн шүүхийн шүүгч нар тодорхой хэмжээгээр нэг хамт олон баг болдог. Сургалтаар л дамжуулан ажил хэргийн хувьд харилцан туршлага солилцох маягаар уулзах боломж олддог. Тэгэхээр шүүгч нар хөдөө орон нутгаас нэгэнт зорьж ирж байгаа учраас дараагийн сургалтыг хугацааг нь сунгаж Шүүхийн ерөнхий зөвлөлийн Баян-Дөхөм сургалтын төвд зохион байгуулж Улсын Дээд шүүхийн шүүгч нар, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч нарыг бүгдийг хамруулаад заавал урдаа нэг багшаар заалгах биш хоорондоо туршлага судлах, санал солилцох маягаар хэдэн багт хуваагдаад тодорхой хэдэн асуудлууд дэвшүүлээд шийдлийг нь олоод нэгдсэн ойлголтод хүрч ажиллах нь чухал гэж боддог. Үүгээр дамжуулан маш олон практик болон онолын тал дээр анхаарах зүйлээ тогтож авна гэж бодож байна. Ингэснээр хүн бүрийн оролцоог хангаж, дэвшүүлсэн саналаа ажил хэрэг болгоод явах нь зөв гэсэн саналтай байна гэв.

Ж.Энхбаяр


 
 
 

. . .