“ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ БАРЬЦААЛСАН ЗЭЭЛИЙН ХАРИЛЦАА\" СУРГАЛТ БОЛЖ БАЙНА
2020-10-09 10:44:01 | 251
Монгол Улс Дэлхийн банкны \"Бизнес хийх таатай орчин” судалгаанд 2019 онд 190 улсаас 88-т жагссан бөгөөд худалдааны холбогдолтой нэг хэргийг дунджаар 374 хоног шийдвэрлэдэг гэсэн байна. Харин Дэлхийн эдийн засгийн форум байгууллагын 2018 оны \"Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан”-д 140 улсаас 113-т, маргаан хянан шийдвэрлэх байдлаараа 112-т жагсаж байна.
Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийг барьцаалах замаар эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлэх нь улс орны эдийн засгийн хөгжлийг түргэтгэх, ялангуяа жижиг дунд бизнесүүдийн хөрөнгө оруулалт, зээлийн санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэх нэн чухал хөшүүрэг болдог. Барьцааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь зах зээлийн эдийн засгийн хөгжлийн суурь асуудал гэдгийг хөгжиж байгаа орнууд зүй ёсоор хүлээн зөвшөөрч, холбогдох хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох нь Олон улсын санхүүгийн корпорацаас хэрэгжүүлж буй төслийн гол зорилго юм.
Шүүхийн ерөнхий зөвлөл 2020 онд шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын сургалтыг шинэ түвшинд гаргах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилтыг дэвшүүлсэн.
Энэ хүрээнд шүүгч, шүүхийн захиргааны ажилтны мэргэжлийн хөгжлийг дэмжих зорилгоор хамтын ажиллагаатай олон улсын түншлэгч байгууллагуудтай цөөнгүй тооны сургалтыг зохион байгуулж байгаагийн нэг нь энэхүү сургалт юм.
Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газар