ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧДЫН ЗӨВЛӨЛИЙН ДАРГА, ГИШҮҮДТЭЙ УУЛЗЛАА
2020-10-22 10:40:33 | 245Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Батбаяр хэлсэн үгэндээ \"Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа иргэний хэргийн шүүхийн ачааллыг 25 хүртэл хувиар бууруулж, их хувь нэмэр оруулж байгаа. Үүгээр зогсохгүй иргэд, аж ахуйн нэгжүүд хэрэг маргаанаа эв зүйгээр, хурдан шуурхай шийдүүлэхэд чухал ач холбогдолтой. Тиймээс Шүүхийн ерөнхий зөвлөл эвлэрүүлэн зуучлах ажиллагааг цаашид улам боловсронгуй болгож, хөгжүүлэхэд бүх талаар дэмжиж ажиллана. Гадаад, дотоодын байгууллагуудтай хамтын ажиллагаа тогтоож, эвлэрүүлэн зуучлагчдыг сургах, сайн туршлага судлахад нь дэмжлэг үзүүлнэ” хэмээн онцлов. Тэрээр мөн Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа энэ цаг үед дагалдаж гарах Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах тодорхой саналаа нэгтгэж өгөхийг Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн дарга, гишүүдээс хүссэн юм.
Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн дарга Д.Тунгалаг уулзалтын үеэр \"Шүүхийн тухай багц хууль 2012 онд батлагдаж, 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Хуулийг хэрэгжүүлэх явцад Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага, хүндрэлтэй асуудлууд бол гардаг. Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль хэтэрхий ерөнхий, процесс ажиллагаа их багатай. Мөн Иргэний процессын хуультай зөрчилддөг” хэмээн хуулийг хэрэгжүүлэх явцад гарч байгаа хүндрэл бэрхшээлийн талаар санал солилцлоо.
Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс