ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ШҮҮГЧ БУС ГИШҮҮНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН НЭЭЛТТЭЙ СОНСГОЛ БОЛЛОО
2021-11-17 09:09:27 | 255Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос зохион байгуулж буй Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтын томилгооны өнөөдрийн (2021.11.16) нээлттэй сонсгол 9 цаг 24 минутад 52.6 хувийн ирцтэй эхэллээ.
Улсын Их Хурлын 2021 оны 58 дугаар тогтоолоор баталсан \"Монгол Улсын Их Хурлаас албан тушаалтныг томилохтой холбогдуулан томилгооны сонсгол зохион байгуулах журам”-ын 1.7-д \"Байнгын хорооны гишүүдийн олонх хүрэлцэн ирснээр сонсголыг хүчинтэйд тооцно” хэмээн заасан байдаг бөгөөд журамд заасны дагуу гишүүдийн ирц бүрдсэн талаар Байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулаад, Хууль зүйн байнгын хорооны гишүүд, нэр дэвшигчид, оролцогчид болон ажиглагчдад томилгооны сонсголын дэгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд 29 хүн нэр дэвшсэнээс сонгон шалгаруулалтын явцад 3 хүн нэрээ татаж, 1 хүн төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн, 1 хүн ярилцлагад ороогүй тул бүртгэлээс хасаж нийт 24 хүн нэр дэвшсэн байна. Сонгон шалгаруулалтын явцад 1 хүн нэрээ татсан тул сонгон шалгаруулалтад 23 хүн оролцжээ.
Сонгон шалгаруулалтын ажлын хэсэг 2021 оны аравдугаар сарын 19-нд хуралдаж Улсын Их Хуралд санал болгох, сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн гишүүдийн олонхын санал авсан, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшиж буй Н.Отгончимэг, Д.Эрдэнэчимэг, Н.Баасанжав, Р.Онончимэг, Д.Зүмбэрэллхам, Н.Мөнгөнцэцэг нарыг олон нийтэд танилцуулсан юм. Өнөөдрийн томилгооны нээлттэй сонсголд Хууль зүйн байнгын хорооны гишүүдээс гадна зургаан нэр дэвшигч, сонсголын үйл ажиллагаанд хяналт тавих 21 ажиглагч оролцов.
Зургаан нэр дэвшигчийг танилцууллаа
Байнгын хорооны дарга С.Бямбацогт дэгийн дагуу нэр дэвшигчдийн намтарыг танилцууллаа. Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч Наранчулууны Отгончимэг нь 1976 онд Хөвсгөл аймагт төрсөн. 45 настай, эмэгтэй. 1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, эрх зүйч мэргэжлээр, 1999 онд МУИС-ийн магистрантур, магистраар, 2001 онд ОХУ-ын Екатеринбург, Уралын Их Сургуулийн хүний эрхийн курст суралцаж, 2012 онд \"Кингс Коллеж Лондон” хууль зүйн магистр цолтой төгссөн байна. Н.Отгончимэг нь 1998-2003 онд \"Халх Журам” ХЗДС, \"Сүлд” коллежид эрх зүйн багш, 2003-2005 онд Хууль зүйн үндэсний хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 2005-2012 онд \"ГКЭ” ХХК болон \"Сүри Менежмент” ХХК-д хуулийн асуудал эрхэлсэн захирал, 2012 онд \"Эрдэнэс Таван Толгой” ХК-д хуулийн хэлтсийн дарга, 2013-2016 онд УИХ-ын Тамгын газрын Нэгдүгээр орлогч (Хууль зүйн үйлчилгээ хариуцсан нарийн бичгийн дарга), 2016-2017 онд УИХ-ын Тамгын газарт \"Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төслийн зохицуулагч, 2019-2020 онд \"Эрдэнэс Монгол” ХХК-д зөвлөх, 2020 онд Сангийн яамны \"Эрүүл мэндийн санхүүжилтийг сайжруулах төсөл”-ийн зөвлөх, 2020-2021 онд Улсын дээд шүүхийн Тамгын газар Захиргааны хэргийн шүүн таслах ажиллагаа хариуцсан зөвлөхөөр ажиллаж байгаад 2021 оноос Улсын дээд шүүхийн дэргэдэх Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байгаа аж.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч Дашпунцагийн Эрдэнэчимэг нь 1976 онд Говь-Алтай аймагт төрсөн, 45 настай, эмэгтэй. Тэрбээр 1998 онд Отгонтэнгэр Их Сургуулийг олон улсын эрх зүйч мэргэжлээр, 1999 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч (магистр), 2010 онд Япон Улсын Нагояагийн Их Сургуулийг төгсөж, 2017 онд Дэлхийн Оюуны өмчийн байгууллага болон Италийн Турины Их Сургуулийн хамтран хэрэгжүүлдэг сургалтад хамрагдаж магистр, 2019 онд Отгонтэнгэр Их Сургууль Хууль зүйн ухааны докторын зэргийг тус тус хамгаалжээ. Д.Эрдэнэчимэг нь 1999-2018 онд Отгонтэнгэр Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн багш, 2006-2007 онд Хууль зүйн үндэсний хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 2017-2021 онд \"DXN” ХХК-д гэрээт хуулийн зөвлөх, 2020 оноос өнөөг хүртэл Шүүхийн ёс зүйн хорооны гишүүн, 2018 оноос Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн холбооны тэргүүн, 2017 оноос \"Эрх зүйн хөгжлийн төлөө” ТББ-ын гүйцэтгэх захирал, 2012-2013 онд АНУ-ын Калифорнийн их сургуулийн Беркли дэх хуулийн сургууль (UC Berkley Law)-д зочин судлаачаар ажиллаж байсан. 2019 оноос өнөөг хүртэл Отгонтэнгэр Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн захирлаар ажиллаж байгаа юм байна.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч Навагчамбын Баасанжав нь 1974 онд Улаанбаатар хотод төрсөн. 47 настай, эмэгтэй. 1997 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2002 онд ХБНГУ-ын Бавари мужийн Мюнхэн хот дахь Людвиг Максимлианы их сургуулийн хууль зүйн магистраар төгссөн байна. Н.Баасанжав нь 2001-2007 онд \"Дусалхан” ХХК-д хуульч, 2003-2007 онд ХБНГУ, Аугсбургийн их сургуулийн Олон улсын эрх зүйн тэнхимд туслах, 2007-2008 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд туслах багш, 2008-2013 онд Хаан банканд хуульч, ахлах хуулийн зөвлөхөөр ажиллаж байгаад 2011 оноос \"Баасанжав консалтинг” ХХК-ийн захирал, 2013 оноос өмгөөлөгчөөр тус тус ажиллаж байгаа юм байна.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч Ренчиндоржийн Онончимэг нь 1979 онд Хэнтий аймагт төрсөн. 42 настай, эмэгтэй. 2000 онд МУИС Хууль зүйн сургуульд эрх зүйч мэргэжил эзэмшин, 2003 онд МУИС Хууль зүйн магистрын зэрэг хамгаалжээ. 2007 он Удирдлагийн академийг бизнесийн удирдлагын менежерээр, 2011 он Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг англи хэлний орчуулагчаар төгсөж, 2018 оноос МУИС-ийн Хууль зүйн сургуулийн докторантурт элссэн байна. Р.Онончимэг нь 2001-2003 онд Монголын Нотариатчдын танхимын архивч, мэдээллийн албаны ажилтан, 2003-2011 онд Монголын Өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч, 2003-2017 онд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатчаар тус тус ажиллаж байгаад 2017 оноос Монголын Нотариатчдын танхимын ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа гэв.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч Дорждамбын Зүмбэрэллхам нь 1960 онд Дундговь аймагт төрсөн. 61 настай, эрэгтэй. 1979 он Дундговь Дэлгэрцогт сумын дунд сургуульд бүрэн дунд боловсрол эзэмшин, 1984 он Оросын холбооны мөрдөн байцаахын дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2001 он МУИС-ийн Хууль зүйн сургуульд докторын зэрэг хамгаалжээ. Тэрбээр 1984-1992 онд Өмнөговь аймагт болон Мөрдөн байцаах газрын Октябрь дүүрэгт мөрдөн байцаагч, Мөрдөн байцаах тасгийн дарга, 1992-2006 онд Цагдаагийн дээд сургууль, Цагдаагийн академид багш, арга зүйч, хичээлийн эрхлэгч, дэд захирал, тэргүүн дэд захирал, 1999-2002 онд Хуульчдыг давтан сургах төвийн багш, 2006-2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх, 2008-2013 онд Төрийн албаны зөвлөлийн дарга, 2013-2017 онд БНЧУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, 2018-2019 онд УИХ-ын Тамгын газрын Төрийн байгуулалтын байнгын хорооны ахлах зөвлөх, 2019 оноос Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаа юм байна.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч Нямсүрэнгийн Мөнгөнцэцэг нь 1976 онд Улаанбаатар хотод төрсөн. 45 настай, эмэгтэй. 1997 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуульд франц-орос хэлний орчуулагч, 2001 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд эрх зүйч мэргэжлийг тус тус эзэмшжээ. 2009 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд магистрын зэрэг хамгаалсан бол 2019 онд Удирдлагийн академийн Төрийн албаны сургуулийг төгссөн байна. Н.Мөнгөнцэцэг нь 2003-2008 онд Нийслэлийн өмгөөллийн холбооны гишүүн-өмгөөлөгч, 2008-2013 Улсын дээд шүүх, Судалгааны төвийн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны судалгаа хариуцсан шинжээчээр ажиллаж байгаад 2013 оноос одоог хүртэл Улсын дээд шүүх, Практик судлалын хэлтсийн иргэний хэргийн хууль тогтоомж, практик ажил хариуцсан шинжээч, референтээр дэвшин ажиллаж байгаад одоо хэлтсийн даргаар ажиллаж байгаа талаар С.Бямбацогт дарга танилцуулсан юм.
Нэр дэвшигч тус бүр Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшиж буй үндэслэл, томилогдсон тохиолдолд хийх ажлынхаа талаар танилцуулав
Дараа нь томилгооны сонсголын дэгийн дагуу нэр дэвшигч тус бүр 20 минутад багтаан нэр дэвших болсон үндэслэл, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилогдсон тохиолдолд хийх ажлын талаар, өөрийн талаар дэлгэрэнгүй танилцуулав.
Нэр дэвшигч Н.Отгончимэг намтраа дэлгэрүүлэн танилцуулсан бөгөөд 2003-2005 онд Хууль зүйн үндэсний хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллах үедээ Монгол Улсын хэмжээнд дагнасан шүүх байгуулах ажлыг зохион байгуулах бүрэлдэхүүнд ажиллаж байснаа онцолж, 21 аймагт захиргааны шүүх байгуулах бэлтгэл ажлыг ханган, сургалт, гарын авлагуудыг бүтээж, зохион байгуулалтын ажилд оролцож байснаа танилцуулав. Хувийн эрх зүйн чиглэлээр туршлагаа сайжруулах зорилгоор долоон жил дагнан ажилласан байна. Эрх зүйч, хуульч мэргэжил нь нийгэмд тодорхой үүрэг гүйцэтгэдэг, нийгмийн хариуцлага хүлээж байдаг онцлогтой хэмээн үздэг тул 22 жилийн турш эрх зүйчээр ажиллахдаа эрх зүйн онол, хууль тогтоомжийн техник, захиргааны эрх зүй, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээтэй холбоотой 19 ном, бүтээл гаргаснаа, судалгааны онцлох бүтээлүүдээ мөн дурдав. Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилогдсон тохиолдолд нэр дэвшигч Н.Отгончимэг нь нэн тэргүүнд Үндсэн хуулийн хүрээнд бүрэн эрхээ хэрэгжүүлж ажиллахаа илэрхийлсэн. Түүнчлэн Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан шүүх засаглалын талаарх алсын харааг баримтална гэв. Тодруулбал, 2030 он хүртэл шүүх эрх мэдлийн систем нь иргэн төвтэй шүүхийг байгуулах бол 2040 онд иргэдийн итгэлийг бүрэн хүлээсэн шүүх засаглалтай болох зорилтыг дэвшүүлсэн. Иймд Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилогдсон тохиолдолд эдгээр зорилтод нийцүүлэн ажиллах бөгөөд нэн тэргүүнд Шүүхийн ерөнхий зөвлөл боловсруулж, Улсын Их Хурал батлах ёстой шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогын баримт бичгийг боловсруулах ажлыг гүйцэтгэнэ гэв. Шүүн таслах ажиллагааны чанарын үзүүлэлтийг бусад улс орны жишгийн дагуу тодорхойлох, ойрын болон дунд хугацаанд сайжруулах зорилтыг дэвшүүлэх чиглэлд судалгаа хийж, бодит ажлуудыг хийхээр төлөвлөж байгаагаа танилцууллаа. Түүнчлэн шүүхийн ачааллыг зохистой түвшинд хүргэх, Монгол Улсын шүүхийн тухай хууль дахь шүүх салбарт цахимжилтыг нэвтрүүлэх зохицуулалтуудыг хэрэгжүүлэх, шүүгчийн орон тоог бүрэн гүйцэд ажиллуулах, тойргийн зарчмаар шүүх байгуулахад шүүх иргэдэд ойр, хүртээмжтэй байдлыг хангах, удаад нь шүүгч нарын мэргэшсэн байдлыг алдагдуулахгүй байхад анхаарал хандуулах, хамгийн шилдэг шүүгч нарыг шилж, сонгон, томилоход субьектив хүчин зүйлсийг багасгах чиглэлд бусад улс орны дэвшилтэт туршлагыг нэвтрүүлэх чиглэлд санаачилга гарган ажиллана гэлээ.
Нэр дэвшигч Д.Эрдэнэчимэг, шүүхийн шинэчлэлийн ажлыг дэмжин ажиллаж ирсэн гэдгээ илэрхийлсэн бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо өндөр үүрэг, хариуцлагатай байх юм хэмээн үзэж нэр дэвших хүсэлтээ хүргүүлсэн гэв. Үргэлжлүүлэн тэрбээр нэр дэвшигчид тавигдах шалгуурыг бүрэн хангаж буйгаа дэлгэрэнгүй танилцуулсан юм. Багшлах хугацаандаа судалгааны ажлууд хийж байснаа дурдаад, өмгөөлөгчөөр ажиллахдаа бизнесийн зорилгоор өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлж байгаагүй болохоо тайлбарлав. Өмгөөлөгчөөр ажиллах хугацаандаа оюутнуудыг дадлагажуулах, иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх, зарим тохиолдолд шүүхээр явах хэрэг маргаанд туслалцаа үзүүлж байсан аж. Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилогдсон тохиолдолд шүүх байгууллагын соёлыг төлөвшүүлэх, шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогын баримт бичгийг боловсруулан, холбогдох байгууллагуудад хүргүүлэх, шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийг хөгжүүлэх, шүүгчдийг зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх, шүүх салбарын нэр хүндийг өргөхөд хувь нэмрээ оруулах, хууль зүйн их, дээд сургуулийн сургалтын чанарыг сайжруулах, салбарын боловсон хүчнийг давтан сургахад анхаарал хандуулан ажиллах болно гэв. Мөн шүүхийн шийдвэрийн шинжилгээг хөгжүүлэх, үүн дээр оюуны өмчийн асуудлыг бодлогын түвшинд анхаарах, шүүхийн захиргааны хүний нөөцийг тогтвортой ажиллуулах, шүүхийн ачааллыг тэнцвэржүүлэх, дагнасан шүүхийг байгуулах чиглэлээрх судалгааны ажлыг хөгжүүлэх зэрэг ажлыг хийхээр төлөвлөөд байгаагаа тус бүрд нь дэлгэрэнгүй танилцуулсан.