Олон улсын шүүгч эмэгтэйчүүдийн холбооны 14 дүгээр хуралд монголын төлөөлөгчид оролцлоо
2018-05-22 09:56:54 | 219Олон улсын шүүгч эмэгтэйчүүдийн холбооны 14 дүгээр их хурал 2018 оны 5 дугаар сарын 2-6-нд Аргентин улсад боллоо. Уг хуралд Монгол Улсыг төлөөлөн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Адьяасүрэн, Д.Халиуна, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүгчийн хараат бус байдлыг хамгаалах хэлтсийн дарга Б.Одонгэрэл нар оролцов. Шүүхийн ерөнхий зөвлөл, Монголын шүүгч эмэгтэйчүүдийн холбоо, АНУ-ын Элчин сайдын яам хамтран тэдгээр эмэгтэй шүүгч төлөөлөгчдийг оролцуулах ажлыг зохион байгуулсан юм.
Олон улсын шүүгч эмэгтэйчүүдийн холбооноос зохион байгуулсан тус олон улсын хуралд 77 улсын 1000 гаруй төлөөлөгчид оролцсон байна. Дэлхийн эмэгтэй шүүгчдийн хооронд гүүр барих зорилгоороо нэрлэгдсэн тус хурлын уриа үг нь \"More women-more justice” байсан бөгөөд оролцогчид жендерийн хүчирхийлэл, дэлхийн улс орнуудад эмэгтэйчүүдийн эрх зүйн нөхцөл байдал, хүн хулгайлах гэмт хэрэг, мэдээллийн технологийн шинэчлэлийг шүүхэд хэрэглэх, нийгэм дэх уугуул иргэдийн эрх, хүйсийн тэгш байдал болон ажлын байран дах ялгаварлан гадуурхалт зэрэг нийгмийн олон төрлийн харилцааг агуулсан сэдвүүдээр илтгэл тавьж хэлэлцүүллээ.