Цахимаар лавлагаа, мэдээлэл авах боломжтой боллоо
2018-05-22 18:06:19 | 214Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Дэлгэрсайхан нар өнөөдөр (2018.05.22) \"Улсын бүртгэлийн цахим мэдээллийн нэгдсэн санд холбогдон мэдээлэл авах, цахимаар нотлох баримт, лавлагаа, мэдээлэл солилцох гэрээ”байгууллаа. Төрийн байгууллага хоорондын ажлын уялдааг хангах, мэдээллийг цахим хэлбэрээр солилцох, төрийн үйлчилгээг хялбаршуулах зорилгоор уг гэрээг байгуулж байгаа юм.
Улсын хэмжээнд иргэний хэргийн анхан шатны 37, захиргааны хэргийн анхан шатны 22 шүүх Улсын бүртгэлийн байгууллагаас лавлагаа, мэдээлэл, баримт гаргуулан авдаг. Ингэхдээ Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх 1 лавлагаанд дунджаар 7.3 хоног, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 1 лавлагаанд 14.4 хоногийг зарцуулдаг гэсэн судалгаа гарчээ. Энэ үйлчилгээ цахим хэлбэрт шилжсэнээр захиргааны хэргийн анхан шатны шүүхийнлавлагаанд зарцуулах хугацаа 3, иргэний хэргийн анхан шатны шүүхийн лавлагаанд зарцуулах хугацаа 10 хоногоор багасаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа илүү шуурхай болох ач холбогдолтой аж.