Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр орон нутгийн алба хаагчдын сургалт боллоо
2018-05-28 10:26:43 | 201 Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага (IDLO) \"Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд хууль сахиулах, шүүх эрх мэдлийн байгууллагуудын ажилтны чадавхи, хамтын ажиллагааг бэхжүүлэх” орон нутгийн сургалт үргэлжилж байна. Хэнтий аймгийн сургалт 5 дугаар сарын 16-18, Архангай аймгийн сургалт 5 дугаар сарын 21-23-нд Улаанбаатар хотноо болж амжилттай өндөрлөлөө. Завхан аймгийн сургалт 6 дугаар сарын 5-8-ны өдрүүдэд Завхан аймгийн төв Улиастайд тус тус зохион байгуулагдана.
Сургалтад тухайн аймгуудын цагдаагийн албан хаагчид, прокурор, шүүгч болон шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан, улсын болон хувийн өмгөөлөгч, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар болон ХЗДХЯ-ны дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн орон нутаг дахь төлөөлөл оролцлоо. Эдгээр байгууллагын төлөөлөл гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр салбар хоорондын уялдаа холбоог хангах, хамтын ажиллагааг сайжруулах зорилготой юм.
Төслийг хэрэгжүүлэгч байгууллагууд (ХЗДХЯ, ЦЕГ, УЕПГ, ШЕЗ, ШШГЕГ, ХСИС) 2016 онд 33 сургагч-багш, 2018 онд 30 сургагч-багш тус тус бэлтгэсэн бөгөөд сургагч багш нар мэргэжлийн холимог багаар хамтран сургалтыг удирдан явууллаа. Насанд хүрсэн суралцагчдын онцлогт тохируулан сургалтын шүүх хурал зохион байгуулж дүрд тоглуулах, багаар ажиллуулах, хэлэлцүүлэг хийх, түр хамгаалах байр, эмнэлэгт түшиглэсэн нэг цэгийн үйлчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцах, туршлага судлах аялал зэрэг хэлбэрүүдээр зохион байгуулсан.
Төслийг АНУ-ын Төрийн департаментийн дэргэдэх Мансууруулах бодистой тэмцэх, хууль сахиулах асуудал эрхэлсэн олон улсын товчооны дэмжлэгтэй хэрэгжүүлж байна.
Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэн
. . .