Т.Нарантуяа: Онлайнаар шүүх хуралд оролцоход зардал, цаг хугацаа хэмнэдгийг мэдэрлээ
2018-11-13 19:28:43 | 227Дорноговь аймгийн иргэн Т.Нарантуяа шүүх хуралдаанд зайнаас /онлайн/ оролцсон талаараа ийнхүү ярьсан юм.
-Та ямар учраас шүүхэд хандах болов. Шүүх хуралдаанд зайнаас буюу цахимаар оролцоход эрхээ эдлэх, үүргээ биелүүлэхэд саад учирсан асуудал гарсан уу?
-Миний хувьд 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 11.00 цагт шүүх хуралдаанд оролцох товтой байсан. Булган аймагт болох эрүүгийн хэргийн шүүх хуралдааны хохирогч учраас онлайнаар шүүх хуралдаанд оролцох нь надад хялбар байсан. Шүүх хуралдаанд онлайнаар оролцох үед надад эрх, үүргийг минь тайлбарлаж өгсөн ба сонсогдохгүй, ойлгогдохгүй байх асуудал гараагүй. Би бүрэн дүүрэн эрхээ эдэлж, үүргээ биелүүлэн шүүх хуралдаанд оролцсон.
Шүүх хуралдаанд оролцогчдын хэлж ярьж байгаа нь сайн сонсогдож байсан ба би ч өөрөө хэлэх зүйлээ бүрэн гүйцэд хэлж чадсан. Шүүх хуралдааны танхимд сууж байгаа юм шиг мэдрэмж төрсөн. Би Булган аймаг руу 14 удаа ирж очин зардал, цаг заваа их гарздаж байсан. Харин нутгаасаа буюу Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газраас шүүх хуралдаанд зардалгүй, чирэгдэлгүй оролцсондоо баяртай байгаа.
-Цахимаар шүүх хуралдаанд оролцоход танд шүүх хуралдаанд оролцогчдын яриаг ойлгоход, сонсоход хүндрэл бэрхшээл техникийн ямар нэгэн саатал тулгарсан уу?
-Цахимаар шүүх хуралдаанд оролцоход оролцогчдын яриа ойлгогдохгүй сонсогдохгүй хүндрэл бэрхшээл, техникийн ямар нэгэн саатал гараагүй.
Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газрын мэдээлэл технологийн мэргэжилтэн бүтэн 10 цагийн шүүх хуралдааны явцад байнга байлцаж сүлжээний ямар нэгэн доголдолгүй саад бэрхшээлгүй шүүх хуралдаанд оролцуулж өгсөн.
-Мэдээллийн технологийн дэвшилтэт ололтыг шүүх үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ашиглаж буй явдал нь хэрхэн ач холбогдолтой, ямар давуу талтай санагдав?
-Давуу тал нь мэдээж цаг хугацаа, зардал хэмнэсэн иргэн бидэнд чирэгдэлгүй үйлчилгээг үзүүлж байна. Тэр хол аймагт шүүх хуралдаанд оролцох гэж ар гэрийн ажлаа орхиод зардал мөнгөө гаргаж, цаг хугацаа алдаж байсан бол энэ удаад цахимаар шүүх хуралдаанд оролцож байгаа нь маш том давуу тал юм. Шүүх шинэчлэгдэж иргэдэд түргэн шуурхай чирэгдэлгүй, нээлттэй ил тод болсныг Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдэрч байна.
Иймд өөрийн орон нутгаасаа зардал чирэгдэлгүй, цаг хугацаа хэмнэн шүүх хуралдаанд оролцоход сэтгэгдэл сайхан байлаа, над шиг олон хүнийг онлайн шүүх хуралдаанд оролцуулж байх нь ар гэрийн ажлаа орхин, цаг хугацааг алдаж, зардал мөнгөө гарган байж шүүх хуралдаанд оролцохоор байсан хүмүүст маш их хэрэгтэй юм байна.
Зайнаас буюу цахимаар шүүх хуралдаанд оролцох бүх талын арга хэмжээг авч ажилласан үйлчилгээ сайтай, сайхан харилцаатай Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газрын хамт олонд чин сэтгэлээсээ баярлалаа.
Мөн шүүх хуралдаанд онлайнаар оролцох явцад Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газрын мэдээлэл технологийн мэргэжилтэн бүтэн 10 цагийн туршид байлцаж ямар нэгэн техникийн саатал гаргалгүй ажилласанд тусгайлан талархсанаа илэрхийлж байна.
Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье.
Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газар