Азийн сантай хэрэгжүүлэх ирэх хоёр жилийн төлөвлөгөөг хэлэлцэж байна
2019-04-08 02:19:21 | 214Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газрын дарга Б.Биндэръяа Азийн Сангийн Монгол дахь суурин төлөөлөгч ноён Марк Кэйнигийг 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч уулзан хоёр байгууллага хоорондын ирэх хоёр жилийн хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Талууд энэ онд дуусгавар болж буй хамтын ажиллагааны Санамж бичгийн хүрээнд сүүлийн хоёр жилийн хугацаанд хамтран хэрэгжүүлсэн ажлаа дүгнэн ирэх онуудад хэрэгжүүлэх хамтын ажиллагаагаа төлөвлөн ярилцлаа.
Ингэхдээ өмнөх ололт амжилтдаа тулгуурлан ирэх хоёр жилийн хугацаанд Шүүхийн ёс зүйн хороо, түүний ажлын албаны чадавхыг дээшлүүлэх, шүүхийн захиргааны ажилтныг богино хугацааны сургалтад хамруулах, шүүх, шүүгчийн аюулгүй байдлын талаар судалгаа хийж аюулгүй байдлын стандартыг боловсруулах, хамтарсан техникийн хамтын ажиллагааны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, шүүхийн дэд бүтцийг сайжруулах чиглэлээр санхүүжилт босгох боломжийг хамтран эрэлхийлэх зэргээр хамтран ажиллахаар тохиролцлоо.
Дээрх саналуудыг тусгасан хамтын ажиллагааны шинэчилсэн Санамж бичгийг ойрын хугацаанд байгуулж ажиллахаар хоёр талаас тохиролцон илүү өргөн хүрээнд бүтээлчээр хамтран ажиллахаар болов.
ШҮҮХИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР